Хэл

Данс

Нэвтрэх Бүртгүүлэх

Холбоо барих

+976-7222-5522 info@asuu.travel Улаанбаатар, Монгол

Биднийг дагах

Нууцлалын бодлого

Нүүр

Хувилбар 1.2. 2026-10-30-наас хүчинтэй.

1. Ерөнхий заалт

1.1. Энэхүү Нууцлалын бодлого (цаашид «Бодлого» гэх) нь Асуу Цэг Апп ХХК (цаашид «бид» гэх) Asuu.Travel платформоор (asuu.travel вэб сайт, хэрэглэгчийн бүртгэл, үйлчилгээ үзүүлэгчийн удирдах хэсэг, цаашид «Платформ» гэх) дамжуулан хүний хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, дамжуулах, хамгаалахыг тодорхойлно.

1.2. Таны хувийн мэдээллийг хариуцагч нь Монгол Улсад бүртгэлтэй, 4291263 регистрийн дугаартай Асуу Цэг Апп ХХК юм. Бид мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу боловсруулна.

1.3. Бодлого нь Платформд зочилж буй, бүртгүүлсэн бүх хүнд, тэр дундаа зочин, аялагч, үйлчилгээ үзүүлэгч, Харилцагч, тэдгээрийн төлөөлөх хүнд, мөн бусдын өгсөн мэдээллээр Платформд бүртгэгдсэн хүнд үйлчилнэ.

1.4. Бодлогод хэрэглэсэн нэр томьёог Үйлчилгээний нөхцөлийн (цаашид «Нөхцөл» гэх) 2 дугаар зүйлд заасан утгаар ойлгоно. «Хувийн мэдээлэл», «эмзэг мэдээлэл», «боловсруулах» гэх нэр томьёог Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан утгаар ойлгоно.

2. Бидний цуглуулах мэдээлэл

2.1. Платформд зочлох үед: IP хаяг, хөтөч болон төхөөрөмжийн мэдээлэл, сонгосон хэл, нэвтрэлтийн session.

2.2. Аялагчийн бүртгэл:

  • нэр (гадаад паспортад бичигдсэнтэй адил латин үсгээр), имэйл хаяг, нууц үг (зөвхөн буцаан тайлах боломжгүй hash хэлбэрээр);
  • сайтын хэл, оршин суугаа улс, утасны дугаар ба улсын код, профайл зураг (оруулсан бол);
  • имэйл баталгаажсан огноо, Нөхцөл ба Бодлогыг зөвшөөрсөн огноо, тэдгээрийн хувилбарын дугаар.

2.3. Захиалга: захиалсан үйлчилгээ үзүүлэгч, эсхүл хуваарьт аялал, огноо, аялагчдын тоо (хуваарьт аялалд насны ангилал бүрээр), нэгжийн төрөл ба тоо, захиалгын мессеж, үнэ, төлөв, цуцалсан шалтгаан, аялал дууссаныг баталгаажуулсан огноо, асуудал мэдэгдсэн бол түүний тайлбар, операторын шийдвэр ба тайлбар.

2.4. Төлбөр, буцаалт: төлбөрийн дугаар, дүн, арга, төлбөрийн байгууллагын нэхэмжлэл ба хариу, төлбөр шалгах үеийн IP хаяг, буцаалт хүлээн авах банк, дансны дугаар, данс эзэмшигчийн нэр.

2.5. Үнэлгээ: од, сэтгэгдэл, аялсан сар, үйлчилгээ үзүүлэгчийн хариу.

2.6. Хөтөч:

  • нийтийн профайл: нэр, зураг, хөтчийн дугаар, танилцуулга, намтар, иргэншил, гэр аймаг, туршлага, хэл ба түвшин, мэргэшил, ажилладаг бүс нутаг, үнэ, хуанли ба түүний тэмдэглэл, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн мэдээлэл, сошиал сүлжээний холбоос;
  • баталгаажуулалтын мэдээлэл: регистрийн дугаар, гадаад паспортын дугаар, хүйс, төрсөн он, утас, хаяг, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хөтчийн үнэмлэх, бусад гэрчилгээний хуулбар;
  • яаралтай үед холбогдох хүний нэр, утас.

2.7. Буудаллах газар, аяллын компани: эзэмшигч буюу компанийн регистрийн дугаар (хувь хүн бол регистрийн дугаар), нэр, хаяг, газрын зураг дээрх байршил, утас, имэйл, вэб сайт, сошиал сүлжээний холбоос, зураг, лого, захирал буюу эзэмшигчийн нэр, тэдгээрийн иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тодорхойлолт зэрэг баримт бичгийн хуулбар. Ажилтны урилга: урьсан имэйл хаяг, үүрэг (менежер, ажилтан), урилгын ба гишүүнчлэлийн төлөв, огноо; бүртгэлгүй хаягийг урилгын хугацаанд хадгална. Хөтөч–компанийн холбоо: хоёр талын дугаар, төлөв, огноо.

2.8. Харилцагч: регистрийн дугаар, нэр, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч эсэх, утас, имэйл, хаяг, төлөөлөх хүний нэр, албан тушаал, утас, банк, дансны дугаар, данс эзэмшигчийн нэр, дансны өөрчлөлтийн түүх, иргэний үнэмлэх, гэрчилгээ, итгэмжлэлийн хуулбар.

2.9. Бид дараах мэдээллийг цуглуулдаггүй:

  • банкны картын дугаар, хүчинтэй хугацаа, нууц код (тэдгээрийг зөвхөн банкны хуудсанд оруулна);
  • хамт аялагчдын нэр, паспортын мэдээлэл;
  • биометрийн мэдээлэл;
  • зар сурталчилгаа, аналитикийн зорилгоор таныг хянах мэдээлэл.

2.10. Мэдээний сэтгэгдэл: сэтгэгдлийн текст, нэрээ харуулахыг сонгосон эсэх, илгээсэн IP хаяг, таны бүртгэлтэй холбоос. IP хаяг зөвхөн операторт харагдана, сайтад гарахгүй; зүй бус үйлдэлтэй тэмцэхэд ашиглана.

2.11. Зургийн цомог: зураг, тайлбар, зургийн сэдэв (хөтөч, буудаллах газар, аяллын компани, багц, мэдээ), аймаг, нэрээ харуулахыг сонгосон эсэх, илгээсэн IP хаяг (зөвхөн операторт). Сайтад харуулах хувиргасан зургаас камерын болон байршлын (EXIF) мэдээллийг арилгана; эх файлыг хэвээр хадгалдаг тул байршлын мэдээлэл агуулсан зургийг оруулахаасаа өмнө түүнийг өөрөө арилгахыг зөвлөж байна.

2.12. Багцын сонирхол: хүссэн эхлэх хугацааны завсар, аялагчдын тоо, тэмдэглэл, суудал урьдчилан хадгалсан хуваарьт аялал ба түүний төлөв.

2.13. Холбоо барих ба аяллын хүсэлтийн маягт: нэр, имэйл хаяг, утас, чиглэл, огноо, аялагчдын тоо, мессеж. Эдгээрийг зөвхөн имэйлээр info@asuu.travel хаягт хүргэнэ, мэдээллийн санд хадгалахгүй; имэйл илгээлтийн бүртгэл 12.5-д заасны дагуу хадгалагдана.

3. Мэдээллийн эх сурвалж

3.1. Бид мэдээллийг дараах эх сурвалжаас авна:

  • та өөрөө: бүртгүүлэх, профайл бөглөх, захиалга хийх, төлбөр төлөх, үнэлгээ бичих, маягт бөглөх үед;
  • бусад хэрэглэгч: хөтөч яаралтай үед холбогдох хүнээ, аяллын компани захирлаа, үйлчилгээ үзүүлэгч Харилцагчаар урих хүнээ бүртгэх үед;
  • төлбөрийн байгууллага, банк: төлбөр, буцаалтын төлөв; бидний банкны дансны хуулга (8.2);
  • Платформ автоматаар: IP хаяг, күүки, системийн бүртгэл (log).

4. Мэдээллийг ашиглах зорилго

4.1. Бид таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

  • бүртгэл үүсгэх, нэвтрүүлэх, бүртгэлийг хамгаалах, имэйл хаягийг баталгаажуулах;
  • захиалгыг хүлээн авах, үйлчилгээ үзүүлэгчид дамжуулах, гүйцэтгэлийг хангах;
  • төлбөр хүлээн авах, баталгаажуулах, буцаалт хийх;
  • үйлчилгээ үзүүлэгчийг шалгаж баталгаажуулах, давхар болон хориглосон бүртгэлээс сэргийлэх;
  • үйлчилгээ үзүүлэгчид ногдох төлбөрийг Харилцагчид шилжүүлэх;
  • аялал дууссаныг баталгаажуулах, мэдэгдсэн асуудлыг шийдвэрлэх;
  • бидний банкны дансны хуулгыг төлбөр, буцаалт, шилжүүлэгтэй тулгах;
  • үнэлгээ нийтлэх, захиалга, төлбөр, аюулгүй байдлын мэдэгдэл илгээх;
  • гомдол, маргаан шийдвэрлэх;
  • залилан, хууль бус үйлдэл, автомат программаас Платформыг хамгаалах;
  • нягтлан бодох бүртгэл, татварын болон хуульд заасан бусад үүргээ биелүүлэх;
  • Платформыг ажиллуулах, алдааг засах.

4.2. Мэдээллийг зөвхөн цуглуулсан зорилгоор, түүнд шаардлагатай хэмжээгээр ашиглана. Шинэ зорилгоор ашиглах бол энэхүү Бодлогыг 18 дугаар зүйлд заасны дагуу өөрчилнө.

4.3. Бид таны мэдээллийг худалдахгүй, бусдад зар сурталчилгааны зорилгоор шилжүүлэхгүй. Сурталчилгааны мэдээллийг зөвхөн таны зөвшөөрлөөр илгээнэ (Нөхцөлийн 19.5).

5. Эрх зүйн үндэслэл ба зөвшөөрөл

5.1. Бүртгүүлэхдээ «Би Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг зөвшөөрч байна» гэсэн нүдийг сонгосноор та мэдээллээ энэхүү Бодлогод заасан зорилгоор, түүний дотор 10 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсаас гадна дамжуулан боловсруулахыг зөвшөөрнө. Бид таны зөвшөөрсөн огноо болон Бодлогын хувилбарын дугаарыг хадгална.

5.2. Гэрээ (Нөхцөл, захиалга) гүйцэтгэх, хуулиар хүлээсэн үүрэг (нягтлан бодох бүртгэл, татвар, эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлага) биелүүлэхэд шаардлагатай мэдээллийг хуульд заасан үндэслэлээр боловсруулна.

5.3. Үйлчилгээ үзүүлэгч, Харилцагч баталгаажуулалтад бичиг баримт, регистрийн дугаар, дансны мэдээлэл ирүүлэхдээ тэдгээрийг 4 дүгээр зүйлд заасан зорилгоор боловсруулахыг зөвшөөрнө.

5.4. Та зөвшөөрлөө хэдийд ч татах эрхтэй (15 дугаар зүйл). Зөвшөөрөл татсан нь түүнээс өмнө хийгдсэн боловсруулалтын хууль ёсны байдалд нөлөөлөхгүй. Платформ ажиллахад зайлшгүй шаардлагатай мэдээллийн зөвшөөрлийг татвал бүртгэлийг 16 дугаар зүйлд заасны дагуу хаана.

6. Онцгой хамгаалалттай мэдээлэл

6.1. Регистрийн дугаар, гадаад паспортын дугаар, иргэний үнэмлэх, гадаад паспорт, үнэмлэх, гэрчилгээний хуулбар, банкны дансны мэдээллийг бид онцгой хамгаалалттай мэдээлэлд тооцно.

6.2. Бичиг баримтын хуулбарыг нийтэд нээлттэй бус, тусгай хадгалах санд хадгална. Тэдгээрийг зөвхөн баталгаажуулалт хийх эрх бүхий ажилтан 2 минут хүчинтэй, гарын үсэгтэй түр холбоосоор нээнэ. Бичиг баримтыг Платформд нийтлэхгүй (Нөхцөлийн 5.7).

6.3. Регистрийн дугаар, гадаад паспортын дугаар, банкны дансны дугаарыг хандалт хязгаарласан мэдээллийн санд хадгална. Тэдгээрийг зөвхөн эрх бүхий ажилтан болон тухайн мэдээллийн эзэн өөрөө харна; нийтийн хуудас, бусад хэрэглэгчид харагдахгүй (7.4-т заасан далдалсан хэлбэрээс бусад).

6.4. Бичиг баримт дээрх зургийг зөвхөн ажилтан нүдээр тулгаж шалгана. Бид биометрийн аргаар хүнийг таних боловсруулалт хийхгүй.

6.5. Бид эрүүл мэндийн болон бусад эмзэг мэдээллийг цуглуулдаггүй. Аюулгүй байдалд шаардлагатай бол (харшил, өвчин гэх мэт) захиалгын мессежид зөвхөн шаардлагатай хэмжээгээр бичих, эсвэл үйлчилгээ үзүүлэгчтэй утсаар ярихыг зөвлөж байна (Нөхцөлийн 14.5).

7. Хэнд юу харагдах вэ

7.1. Нийтэд: хөтчийн нийтийн профайл (2.6-д заасан нийтийн профайлын мэдээлэл), хуанли ба түүний тэмдэглэл; буудаллах газар, аяллын компанийн нийтийн хуудас (нэр, зураг, лого, тайлбар, байршил, үнэ, холбоо барих мэдээлэл); багц ба хуваарьт аялал; үнэлгээ; зургийн цомог; мэдээний сэтгэгдэл. Хөтөч хуанлийн тэмдэглэлийг аялагчдад зориулж бичнэ.

7.2. Үнэлгээнд таны бүртгэлийн нэр бүтнээр, аялсан сар, од, сэтгэгдэл харагдана. Үнэлгээг нэргүйгээр нийтлэх боломжгүй. Зургийн цомог, мэдээний сэтгэгдэлд нэрээ харуулах эсэхээ сонгоно; нэрээ нуусан бол «Аялагч» гэж харагдана.

7.3. Үйлчилгээ үзүүлэгчид: захиалга илгээх үед аялагчийн нэр, аялагчдын тоо, захиалгын мессеж харагдана. Төлбөр төлөгдсөний дараа аялагчийн имэйл хаяг, утасны дугаар (оруулсан бол) харагдана. Аялагч төлбөрийн дараа үйлчилгээ үзүүлэгчийн утасны дугаарыг харна (Нөхцөлийн 18.2). Үйлчилгээ үзүүлэгчийн эзэмшигч болон түүний урьсан менежер, ажилтан энэ мэдээллийг адил харна.

7.4. Харилцагчтай холбогдсон үйлчилгээ үзүүлэгч Харилцагчийн нэр, банкны нэр, регистрийн дугаарын сүүлийн 4 оронг харна. Дансны дугаарыг харахгүй. Үйлчилгээ үзүүлэгч Харилцагчийг регистрийн дугаараар хайхад олдсон Харилцагчийн нэр, регистрийн дугаар далдалсан хэлбэрээр харагдана.

7.5. Асуу Цэг Апп ХХК-ийн ажилтан мэдээллийг зөвхөн ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээгээр, эрхийн тохиргоогоор хязгаарлагдсан хүрээнд үзнэ.

7.6. Профайл зураг, үйлчилгээ үзүүлэгчийн зураг, лого нийтийн хадгалах санд (CDN) байрладаг тул тухайн файлын холбоосыг мэдэх хүн түүнийг харах боломжтой.

8. Гуравдагч этгээдэд дамжуулах

8.1. Бидний өмнөөс мэдээлэл боловсруулдаг үйлчилгээ:

  • DigitalOcean, LLC (Америкийн Нэгдсэн Улсын компани): сервер, мэдээллийн сан, файл хадгалах сан, CDN. Мэдээлэл Сингапур дахь дата төвд хадгалагдана;
  • бидний ажиллуулдаг имэйл илгээх сервер (steppe.asuu.app): Платформоос илгээх имэйлийн хүлээн авагч, гарчиг, агуулга.

8.2. Өөрийн нөхцөлөөр мэдээлэл хүлээн авдаг үйлчилгээ:

  • Google LLC (Америкийн Нэгдсэн Улс): reCAPTCHA (бүртгүүлэх, холбоо барих маягтад: IP хаяг, хөтчийн мэдээлэл, күүки), Google Fonts (хуудас ачаалах бүрт: IP хаяг, хөтчийн мэдээлэл), Google Maps (буудаллах газрын нийтийн хуудас газрын зургийг Google-оос ачаалахад: IP хаяг, хөтчийн мэдээлэл; «Газрын зураг дээр нээх» холбоос Google Maps руу шилжүүлнэ; удирдах хэсэгт байршил сонгох газрын зураг);
  • jsDelivr: улсын тугны дүрс (хуудас ачаалах бүрт: IP хаяг, хөтчийн мэдээлэл);
  • ui-avatars.com: удирдах хэсэгт зураггүй хэрэглэгчийн нэрээр дүрс үүсгэх (нэр);
  • QPay: төлбөрийн нэхэмжлэл (захиалга, төлбөрийн дугаар, дүн). Таны нэр, имэйл, утсыг илгээхгүй;
  • Худалдаа хөгжлийн банк: картаар төлөх үед та картын мэдээллээ банкны хуудсанд шууд оруулна. Мөн бидний банкны дансны үлдэгдэл, хуулгыг банкны системээс 20 минут тутамд татаж, хуулгын мөр бүрийг (огноо, дүн, гүйлгээний эсрэг талын нэр, данс, тайлбар) төлбөр, шилжүүлэгтэй тулгахад ашиглан 12.3-т заасан хугацаанд хадгална. Үйлчилгээ үзүүлэгч, аялагчид мөнгө шилжүүлэх хүсэлтийг (хүлээн авагчийн нэр, данс, дүн, захиалгын дугаар бүхий тайлбар) энэ сувгаар банкинд илгээнэ;
  • банкууд: буцаалт, үйлчилгээ үзүүлэгчийн төлбөр шилжүүлэхэд хүлээн авагчийн нэр, дансны дугаар, дүн. Гүйлгээний тайлбарт захиалгын дугаар бичигдэх тул хүлээн авагчийн дансны хуулгад харагдана.

8.3. Үйлчилгээ үзүүлэгч: захиалгыг гүйцэтгэхэд 7.3-т заасан мэдээлэл.

8.4. Төрийн эрх бүхий байгууллага: хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан хүсэлтээр.

8.5. Өөрчлөн байгуулалт, эрх залгамжлалын үед эрх залгамжлагч энэхүү Бодлогын хүрээнд мэдээллийг боловсруулна (Нөхцөлийн 26.4).

8.6. Эдгээр үйлчилгээ мэдээллийг өөрийн нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөлийн дагуу боловсруулна. Бид зөвхөн тухайн үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг дамжуулна.

9. Төлбөрийн мэдээлэл

9.1. Банкны картын мэдээллийг зөвхөн банкны хуудсанд оруулна. Бид картын дугаар, хүчинтэй хугацаа, нууц кодыг хүлээн авахгүй, хадгалахгүй.

9.2. QPay-аар төлөх үед бид нэхэмжлэлийн дугаар, төлбөрийн төлөв, төлбөрийн байгууллагаас ирсэн хариуг хадгална.

9.3. Буцаалтын маягтад оруулсан банкны мэдээллийг зөвхөн буцаалт шилжүүлэх, санхүүгийн баримт хөтлөхөд ашиглана.

9.4. Харилцагчийн дансны өөрчлөлт бүрийг залилангаас хамгаалах, санхүүгийн хяналт хийх зорилгоор түүхтэй нь хадгална.

9.5. Үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн төлбөр, аялагчид хийсэн буцаалт, бидний банкны дансны хуулгын мөрүүдийг санхүүгийн баримтад тооцож 12.3-т заасан хугацаанд хадгална.

10. Монгол Улсаас гадна дамжуулах

10.1. Платформын мэдээлэл, файл DigitalOcean компанийн Сингапур дахь дата төвд хадгалагдана. Нийтийн файлыг дэлхийн CDN сүлжээгээр түгээнэ. Google-ийн үйлчилгээ Америкийн Нэгдсэн Улсад байрладаг.

10.2. Бид мэдээллийг шифрлэсэн холболтоор (HTTPS) дамжуулна. Хүлээн авагч бүр өөрийн мэдээлэл хамгаалах арга хэмжээтэй.

10.3. Бүртгүүлэхдээ та 5.1-д заасны дагуу мэдээллээ Монгол Улсаас гадна дамжуулахыг зөвшөөрнө.

11. Күүки ба хөтчийн санах ой

11.1. Бид зөвхөн Платформ ажиллахад шаардлагатай күүки ашиглана:

  • session күүки: нэвтрэлт, сонгосон хэл, маягтын мэдээллийг хадгална. 120 минут идэвхгүй байвал дуусна;
  • XSRF-TOKEN: маягтыг хуурамч хүсэлтээс хамгаална;
  • нэвтрэлт сануулах күүки: «Намайг сана» сонгосон үед л үүснэ, гарах (logout) хүртэл хадгалагдана;
  • Google reCAPTCHA-ийн күүки: зөвхөн бүртгүүлэх болон холбоо барих хуудсанд.

11.2. Үйлчилгээ үзүүлэгчийн удирдах хэсэг нь дэлгэцийн тохиргоог (өнгө, цэсийн байдал) хөтчийн санах ойд хадгална.

11.3. Бид зар сурталчилгааны болон аналитикийн күүки ашиглахгүй. Күүкиг хөтчөөсөө хаавал Платформд нэвтрэх, маягт илгээх боломжгүй болно.

12. Хадгалах хугацаа

12.1. Бүртгэлийн мэдээллийг бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална.

12.2. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг (профайл, зураг, үнэлгээ, цомгийн зураг, сэтгэгдэл, хуанлийн тэмдэглэл гэх мэт) тухайн хэрэглэгч устгах, эсвэл Асуу Цэг Апп ХХК шийдвэр гаргаж устгах хүртэл хадгална.

12.3. Захиалга, төлбөр, буцаалт, үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн төлбөр, Харилцагч ба дансны түүх, бидний банкны дансны хуулгын мөр зэрэг санхүүгийн мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш 5 жил хадгална.

12.4. Үйлчилгээ үзүүлэгчийн баталгаажуулалтын бичиг баримтыг бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална. Татгалзсан, дуусаагүй өргөдлийн бичиг баримтыг Асуу Цэг Апп ХХК шийдвэр гаргаж устгана. Идэвхгүй болгосон үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийг бичиг баримт, зурагтай нь 90 хоногийн дараа бүрмөсөн устгана. Хориглосон үйлчилгээ үзүүлэгчийн мэдээллийг дахин бүртгүүлэхээс сэргийлэх зорилгоор хадгална (Нөхцөлийн 20.3).

12.5. Техникийн мэдээлэл:

  • session: 120 минут идэвхгүй байсны дараа дуусна;
  • системийн бүртгэл (log): 30 хоног;
  • нууц үг сэргээх холбоос: 60 минут хүчинтэй;
  • имэйл илгээлтийн бүртгэл: 30 хоног, илгээгдээгүй имэйл: 7 хоног.

12.6. Хадгалах хугацаа дуусахад мэдээллийг устгах, эсвэл хэнийг ч тодорхойлох боломжгүй болгон нэргүйжүүлнэ.

13. Аюулгүй байдал

13.1. Бид мэдээллийг хамгаалахын тулд дараах арга хэмжээ авна:

  • бүх холболтыг шифрлэх (HTTPS);
  • нууц үгийг буцаан тайлах боломжгүй hash хэлбэрээр хадгалах;
  • ажилтны хандах эрхийг үүрэг, эрхийн тохиргоогоор хязгаарлах, үйлчилгээ үзүүлэгчийн удирдах хэсэг бүрт тусдаа хандалт олгох;
  • бичиг баримтыг тусгай хадгалах санд, түр холбоосоор (6.2), онцгой хамгаалалттай дугаарыг хандалт хязгаарлан (6.3) хадгалах;
  • аялагчийн холбоо барих мэдээллийг төлбөр төлөгдөх хүртэл үйлчилгээ үзүүлэгчээс нуух;
  • хүсэлтийн тоог хязгаарлах, бүртгүүлэх маягтыг reCAPTCHA-аар хамгаалах.

13.2. Ямар ч систем бүрэн аюулгүй байж чадахгүй. Нууц үгээ бусдад бүү дамжуулаарай. Бүртгэлдээ зөвшөөрөлгүй хандсан гэж сэжиглэвэл нууц үгээ сольж, info@asuu.travel хаягаар бидэнд яаралтай мэдэгдээрэй.

14. Мэдээлэл алдагдсан тохиолдолд

14.1. Хувийн мэдээлэл алдагдсан, зөвшөөрөлгүйгээр хандсан нь илэрвэл бид хохирлыг арилгах, багасгах арга хэмжээг нэн даруй авна.

14.2. Холбогдох хүмүүс болон хуульд заасан байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.

15. Таны эрх

15.1. Та хуульд заасны дагуу дараах эрхтэй:

  • бид таны тухай ямар мэдээлэл боловсруулж, хэрхэн ашиглаж байгааг мэдэх, түүний хуулбарыг авах;
  • буруу, дутуу мэдээллээ засуулах (ихэнхийг «Миний бүртгэл» хэсэгт өөрөө засна);
  • мэдээллээ устгуулах;
  • зөвшөөрлөө татах;
  • эрх зөрчигдсөн гэж үзвэл Хүний эрхийн үндэсний комисс, шүүхэд гомдол гаргах, хохирлоо нөхөн төлүүлэх.

15.2. Хүсэлтээ бүртгэлтэй имэйл хаягаасаа info@asuu.travel хаягаар илгээнэ. Бид таныг хэн болохыг шалгасны дараа хуульд заасан хугацаанд хариу өгнө.

15.3. Хуулиар хадгалах шаардлагатай мэдээллийг (12.3) тэр хугацаа дуустал устгахгүй, гэхдээ өөр зорилгоор ашиглахгүй.

16. Бүртгэл хаах

16.1. Бүртгэлээ хаахыг хүсвэл «Миний бүртгэл» хэсгийн «Бүртгэл хаах» товчоор маягт бөглөнө, эсвэл бүртгэлтэй имэйл хаягаасаа info@asuu.travel хаягаар хүсэлт илгээнэ.

16.2. Идэвхтэй захиалга, буцаалт, үйлчилгээ үзүүлэгчийн төлбөр тооцоо дуусаагүй бол тэдгээр дуустал бүртгэлийг хаахгүй (Нөхцөлийн 20.5).

16.3. Бүртгэл хаахад таны нэр, имэйл, утас, зураг зэрэг мэдээллийг устгана. Санхүүгийн мэдээллийг 12.3-т заасан хугацаанд нэргүйжүүлсэн хэлбэрээр хадгална. Таны бичсэн үнэлгээг нэргүй («Аялагч») болгоно, хүсвэл устгана.

17. Насанд хүрээгүй хүн, бусдын мэдээлэл

17.1. Платформд зөвхөн 18 нас хүрсэн хүн бүртгүүлнэ (Нөхцөлийн 4.1). 18 нас хүрээгүй хүн бүртгүүлсэн нь илэрвэл бүртгэлийг хаана.

17.2. Насанд хүрээгүй хүн аялалд оролцох бол түүнийг захиалгад зөвхөн аялагчдын тоонд оруулна. Бид түүний нэр болон бусад мэдээллийг цуглуулахгүй.

17.3. Бусдын өмнөөс захиалга хийж буй хүн тэдэнд энэхүү Бодлогыг танилцуулна (Нөхцөлийн 4.7).

17.4. Яаралтай үед холбогдох хүн, төлөөлөх хүн, захирал, Харилцагчаар урих хүний мэдээллийг Платформд оруулахаасаа өмнө тухайн хүнд мэдэгдэж, зөвшөөрлийг нь авсан байна.

17.5. Үйлчилгээ үзүүлэгч аялагчийн мэдээллийг зөвхөн тухайн захиалгын үйлчилгээг үзүүлэхэд ашиглана. Түүнийг Платформоос гадуур хадгалсан бол хамгаалалтыг өөрөө хариуцна (Нөхцөлийн 6.6).

18. Бодлогын өөрчлөлт, хувилбар

18.1. Бодлогын хувилбар бүр дугаартай байна. Хүчин төгөлдөр хувилбарын дугаар, хүчин төгөлдөр болсон огноог энэ хуудсанд харуулна.

18.2. Бид хууль тогтоомж, Платформын үйлчилгээ, мэдээлэл хүлээн авагч өөрчлөгдөхөд Бодлогыг өөрчилж болно. Мэдэгдэхүйц өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос дор хаяж 14 хоногийн өмнө Платформд болон бүртгэлтэй имэйл хаягаар мэдэгдэнэ.

18.3. Шинэ хувилбар хүчин төгөлдөр болсны дараа Платформыг үргэлжлүүлэн ашигласнаар та түүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Зөвшөөрөхгүй бол 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгэлээ хаалгаж болно.

18.4. Бодлогыг хэд хэдэн хэлээр нийтэлж болно. Зөрүү гарвал монгол хэл дээрх эх давуу хүчинтэй.

19. Холбоо барих

19.1. Хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт, хүсэлт, гомдлоо дараах хаягаар илгээнэ үү:

  • Асуу Цэг Апп ХХК, регистрийн дугаар 4291263;
  • хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 24-р хороолол, Хийморь Гарден, Асуу Цэг Апп ХХК-ийн байр;
  • утас: 86085522;
  • имэйл: info@asuu.travel.